Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
Эмгэнэл

 Гомбын Дашрэнцэн
/1953-2014/



Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний  өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Г.Дашрэнцэн нь Түшээт Хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг Бэлхийн цагаан хөтөлд 1953 онд Гомбын хүү болон мэндэлжээ.

Тэрбээр Сүхбаатарын нэрэмжит цэргийн сургуулийг бага залуу насандаа дүүргэж, Худалдааны техникумын бараа судлалын ангид элсэн орж, улмаар  1971 онд сургуулиа төгсөж Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт бараа хуваарилагчаар ажлын гараагаа эхлүүлжээ. 1973 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хязгаарын цэргийн 17-р отрядад цэргийн албанд татагдсан байна. 1976 оноос Худалдаа бэлтгэлийн трестэд бараа хуваарилагчаар ажиллах хугацаандаа төв, орон нутгийн сонин хэвлэлд анхны мэдээ, мэдээллээ нийтлүүлж эхэлсэн байна. Тэрчлэн Төв аймгийн сонинд 1978 оноос эхлэн сурвалжлагч, нарийн бичгийн дарга, аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны даргаар тус тус ажилласан. Мөн МУИС-ийн Сэтгүүлчийн анги, Удирдлагын академийн Улс төр судлаачаар төгссөн байна. Улс төрийн албан тушаал хашиж Төв аймгийн Ардчилсан намын даргаар 1990-1996 онд, 1996-2000 онд Төв аймгийн Засаг даргын орлогч, 2008-2009 онд Улсын Мэргэжлийн хяналтын сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Г.Дашрэнцэн нь Монголын ардчиллын төлөө орон нутагт өрнүүлж байсан их үйлсийн анхдагчдын нэг юм. 1990 оноос эхлэн Ардчилсан холбоо болон бусад улс төрийн шинэ хүчнүүдийг байгуулахад тэргүүлж явжээ. Тэрбээр Төв аймгийн бүх сумдад хүрч ажиллан, Монголын Ардчилсан холбоо, Монголын Ардчилсан нам, Шинэ дэвшилт холбоо, МҮАН-ыг үүсгэн байгуулалцсан юм.

Улмаар 2000 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-ы тоймч,  “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч, УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн зөвлөхийн албыг хашиж байлаа.

Хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж, дөрөв дэх засаглалыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Дашрэнцэнгийн “Манай сумын намууд”, “Тэнэг төр тэмдгэнд дуртай”, “Хамуудаа Энхбаярдая”, “Баячуудын зэрлэг цэнгэл, хар тамхиар тарьсан адгуусны хөлөөс хүүхдээ салгаж авах цаг”, “Ленин ба Сото”, “ Муу ч гэсэн парламент маань, муухай ч гэсэн Монгол минь”, “Кремльдэх Кремльдүүлэх” зэрэг улс төрийн даацтай олон олон нийтлэлүүдийг дурдаж болно.

Улс төр, нийгэмд тулгарч буй үзэгдлийг урнаар ончтой шүүмжлэн харуулсан түүний даацтай нийтлэлүүд нь Монголын улс төрд зөв чиг хандлага тогтооход үнэтэй хувь нэмэр оруулдаг байсан бөгөөд уран хурц хэлц үгс нь уншигч олны сэтгэлд хоногшжээ.

Нэрт нийтлэлч Г.Дашрэнцэнгийн авьяас зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон, Тусгаар тогтнолын одон, ”Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнажээ. Түүнчлэн сэтгүүл зүйн салбарын дээд шагнал болох Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 2002 оны Шилдэг сэтгүүлч, 2003 оны “Алтан үзэг” шагнал, “Өдрийн сонин”-ы Тэргүүн бичлэгийн шилдэг шагнал, 2014 онд Нийслэлийн хүндэт иргэнээр шалгарч байсан юм.

Талийгаачийн ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар, нөхөрсөг мэргэн зөвлөмж нь сэтгүүл зүйн салбарт үеийн үед дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.


МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛЧДИЙН КЛУБ

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.